ГЕГ-ын ЗТХБГ-ын хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатарыг дэлхийн гаалийн байгууллага, НҮБ-ийн хүрээлэн буй орчны газраас “Алдрын медаль”, сертификатаар шагнав

Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааны талаарх азийн бүсийн орнуудын сэдэвчилсэн хуралдаан Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод   2019 оны 8 дугаар сарын 26-29  өдрүүдэд зохион байгуулагдлаа. Афганистан, Бутан, Бангладеш, БНХАУ, Иран, Малдив, Монгол, Непал, Пакистан, Өмнөд Солонгос, Шри Ланка зэрэг улсуудын зочид төлөөлөгчид озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол, түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм. Хуралдааныг дээрх улс орнуудын Засгийн газрыг Монреалийн Протоколын хэрэгжилтийг хангаж ажиллахад дэмжлэг үзүүлэн ажилладаг Ази номхон далайн бүсийн алба CAP (НҮБ Байгаль орчны хөтөлбөрийн харъяа) болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны озоны үндэсний алба хамтран зохион байгуулсан юм.  

Хурлын үеэр Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатарыг озон задлагч бодисыг худал мэдүүлэн гаалийн хилээр нэвтрүүлсэн үйлдлийг шалган илрүүлж, буцаан гаргах ажиллагааг амжилттай хэрэгжүүлснийг нь өндрөөр үнэлж "Алдрын медаль", сертификатаар шагнасныг НҮБ-ийн бүс нутаг хариуцсан салбар хорооны удирдлагууд гардуулан өглөө. Энэхүү "Алдрын медаль"-ийг Гааль, Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Монреалын протоколыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Дэлхийн гаалийн байгууллага, НҮБ-ийн Хүрээлэн буй орчны газар, Монреалын протоколыг хэрэгжүүлэгч олон талт Сангаас жил тутамд олгодог хүндтэй шагнал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *