МОНГОЛЫН ГААЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ, УНГАР, ЯПОН, КИРГИЗ, ХБНГУ, БНСУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА


Дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэн, үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Гаалийн байгууллагад Монгол Улс 1991 онд 111 дэх гишүүнээр элсэн орсноос хойш тус байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж иржээ. 


Тус байгууллагын гишүүн улсуудын гаалийн байгууллагын дарга нар жил бүрийн зургаадугаар сард дээд хэмжээний Чуулганаа зохион байгуулж, өөрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын чиглэлээ хэлэлцэн, тодорхойлдог байна. 


Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 132 дугаар чуулганд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй Монголын гаалийн төлөөлөгчидөнгөрсөн сарын 28-30-ны өдрүүдэд оролцжээ. Энэ удаагийн чуулганд дэлхийн 182 орны гаалийн байгууллагын дарга, төлөөлөгч, олон улсын байгууллагын нийт 700 гаруй төлөөлөгч тулгамдаж буй олон чухал асуудлыг хэлэлцсэн юм.


132 -р чуулганы гол онцлог нь Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын ээлжит сонгууль, Аудитын хороо, Бодлогын хороо, Дэлхийн гаалийн байгууллагын ирэх жилийн Чуулган даргалагчийн сонгууль зэрэг 8 сонгууль явуулж байгаад оршино.  Түүнчлэн гаалийн хөгжил, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох бодлогын баримт бичгийг батлах, Дэлхийн банктай “Бизнес эрхлэхүй дүгнэлт”, бусад олон улсын байгууллагатай хууль бус санхүүгийн урсгал, дүн шинжилгээний чадавхыг бэхжүүлэх замаар мэдээллийн чанарт анхаарах, цахим худалдааны орчин, кибер аюулгүй байдал болон бусад чиглэлээр хамтран ажилласан үр дүн, цаашдын хамтын ажиллагаа, агаарын тээврийн аюулгүй байдал, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа зэрэг олон асуудлын хүрээнд харилцан санал солилцож, цаашдын үйл ажиллагаагаа уялдуулан төлөвлөж байна.


Монголын гаалийн төлөөлөл Чуулганд оролцохын зэрэгцээ, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Нарийн бичгийн дарга нарын чиглэл хариуцсан удирдлага, ажилтнуудтай худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа, гаалийн байгууллагын гүйцэтгэлийг хэмжих арга зам, их хэмжээний тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүй, хил дамнасан хууль бус худалдааны урсгалтай тэмцэх чиглэлээр Дэлхийн гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй санаачилга, агаарын тээврийн аюулгүй байдал, түүнд үр дүнтэй гаалийн хяналт тавих боломж чиглэлээр уулзаж, харилцан санал солилцлоо.


Гаалийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр БНХАУ, Унгар, Япон, Киргиз, ХБНГУ, БНСУ-ын гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллагаа, харилцан туслалцах өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. 


Энэ удаагийн Чуулган ирэх 5 жилд Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүнийг сонгохоос гадна, Гаалийн байгууллагууд, Гааль-Бизнес, Гааль-Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогын асуудлыг оновчтой хэлбэрээр хэрэгжүүлэхэд харилцан санал бодлоо хуваалцахад чиглэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *