МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХАМТРАН 2017 ОНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛЭЭ ЗЭРЭГЦҮҮЛЭН СУДАЛЛАА


Монгол улс, БНХАУ-ын засгийн газрын хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу хоёр улсын гаалийн байгууллага хоорондын гадаад худалдааны статистикийн зэрэгцүүлэлтийг жил бүр хийж байхаар тусгасан байдаг. Энэхүү зэрэгцүүлэлтийг хийх ажлын хэсгийн 6-р уулзалт 2018 оны 7-р сарын 2-5-ны өдрүүдэд Монголын талд буюу ГЕГ-т боллоо. Дээрх өдрүүдэд БНХАУ-ын ГЕГ-ын статистикийн газрын хууль сахиулах үнэлгээний хэлтсийн шинжээч Фан Бин, статистикийн газрын худалдааны статистикийн хэлтсийн шинжээч Ли Вэй, Хөх хот дахь гаалийн газрын байцаагч Заяа нар Монгол улсын ГЕГ-ын статистикийн хэлтэстэй хамтран ажиллалаа.Уулзалтын төгсгөлд ГЕГ-ын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн, БНХАУ-ын ГЕГ-ын статистикийн газрын хууль сахиулах үнэлгээний хэлтсийн шинжээч Фан Бин нар “2017 оны Монгол улс, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын статистикийн зэрэгцүүлэлтийн протокол”-д гарын үсэг зурсан юм.


Энэ үеэр БНХАУ-ын ГЕГ-ын статистикийн газрын хууль сахиулах үнэлгээний хэлтсийн шинжээч Фан Бин “БНХАУ-ын хувьд гадаад худалдааны барааны зэрэгцүүлсэн судалгааг арав гаруй улстай хийдэг. Харин энэ судалгааг тогтмол хугацаанд, илүү нарийвчлалтай хийдэг цөөн улс бий. Тэдний нэг нь Монгол улс юм. Монгол улс бол манай улсын маш чухал түнш улс бөгөөд хоёр улсын гадаад худалдаа эрчимтэй өсч буй энэ үед барааны зэрэгцүүлсэн судалгааг илүү өндөр түвшинд хийх шаардлага тулгарч байна. Бид жил бүр нэг ширээнд цуг сууж, гадаад худалдааны дүн мэдээгээ зэрэгцүүлэн тулгадаг. Энэ жил 6 дахь удаагаа хамтран ажиллаж, төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө ажиллаж дуусгалаа. Монголын гаалийн байгууллагатай хамтран ажиллахад маш шуурхай, илүү мэргэжлийн, илүү туршлагатай болжээ. Гадаад худалдааны статистикийн мэдээллийг зэрэгцүүлж тулгах нь Монгол улс болон БНХАУ-ын гаалийн ажлыг уялдаатай хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны гаалийн байгууллагын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *