ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРТ ГАДААД ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧИД САЙН ДУРААРАА НЭГДЭЖ, ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, Гааль-Бизнесийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэнюм. Энэхүү хөтөлбөрт гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж нь сайн дураараа нэгдэж, хамрагдах боломжтой. Тус хөтөлбөрийн хүрээ нь олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэж оролцдог экспортын, импортын, улс хоорондын тээвэрлэгчийн, тээвэр зуучийн, баталгаат бүсийн, гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж хамрагдах юм.

Гаалийн байгууллагаас итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн /ИААН/ хөтөлбөрийг 2010 оноос судалж, энэ онд албан ёсоор хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, БНХАУ, БНСУ, ОХУ-тай хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг хийж, туршлага солилцон, Дэлхийн Гаалийн Байгууллага болон бусад орны гаалийн байгууллагын шилдэг туршлага, дэмжлэгийг авч ажилласны үр дүнд ГЕГ-ын даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн А/134 тоот тушаалаар “Гаалийн итгэмжлэл олгох журам”-ыг баталж гаргасан.

Уг хөтөлбөр нь дээр заагдсан гадаад худалдааны төрлөөр гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгжид гаалийн байгууллагаас тавьсан тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд хөнгөлөлт үзүүлэн, Гааль-Бизнесийн түншлэлийг харилцан итгэлцэлд суурилсан хэлбэрт шилжүүлэхэд оршино.

Дараах үндсэн 4 бүлэг шалгуур үзүүлэлтийг хангасан хуулийн этгээдэд гаалийн итгэмжлэл олгохоор журамласан.(4 бүлэг шалгуур үзүүлэлт нь дотроо маш нарийн задаргаатай) Үүнд:

1. Хууль сахилтын түвшин сайн гэж тогтоогдсон байх;

2. Хуулийн этгээдийн үйл ажиллагааны дотоод хяналт сайн байх;

3. Санхүүгийн чадавхитай байх;

4. Гадаад худалдааны аюулгүй байдлын стандартыг чанд сахих.

Гаалийн итгэмжлэл авахыг хүссэн хуулийн этгээд дараах нөхцөл шаардлагыг хангасан байна.Үүнд:

1. монгол улсад бүртгэлтэй байх;

2. тодорхойлогдсон гадаад худалдааны төрлөөр сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;

3. хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бол давуу эрхийн хувьцааг эзэмшдэг байх;

4. гаалийн болон бусад татварын өргүй байх;

5. хуулийн этгээд сүүлийн нэг жилд зөрчил үйлдэж, шийтгэл хүлээгээгүй байх;

6. хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, компанийн 10 хувь ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч, санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, хуулийн зөвлөх нь сүүлийн 2 жилд гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээгүй байх;

7. өөрийн өмчлөлийн агуулах, байр, талбай, байгууламжтай байх, хэрэв түрээсээр ашигладаг бол нэг жилээс доошгүй хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан байх;

8. гааль, гадаад худалдааны, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системтэй байх.

Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид дараах хөнгөлөлтийг үзүүлнэ. Үүнд:

1. Гаалийн бүрдүүлэлтийг нэн даруй, дараалал харгалзахгүй хийх;

2. Барааг эзэмшигчийн байр, агуулах, талбайд түр хугацаагаар хадгалах;

3. Нийт гаалийн бүрдүүлэлтийн 90 хүртэлх хувийг бараанд хийх шалгалтаас чөлөөлөх;

4. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 7-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар эрх олгосноор гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах;

5. Нэг сарын хугацаанд хэд хэдэн ачилтаар нийлүүлэгдэх нэг нэр төрлийн бараанд зөвхөн нэг гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлтийг багцалж урьдчилан хийх;

6. Гаалийн хууль тогтоомжийн болон гаалийн үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, гомдлыг нэн даруй шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий гаалийн улсын байцаагчийг гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан томилох;

7. Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн талаар олон нийтэд сурталчлах;

8. Гаалийн бүрдүүлэлтийг барааны байршлаас үл хамааран аль ч гаалийн байгууллагад гаалийн бүрдүүлэлт хийх;

9. Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан бусад улс оронд хөнгөлөлт эдлэх.

Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг нэвтрүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

• ААНБ-ын өрсөлдөх чадвар дээшилж, Монгол улсын эдийн засгийн хөгжилд шууд бусаар нөлөөлнө.

• Олон улсын түвшинд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд Монгол улсын нэр хүнд өсч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

• Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг дээшилнэ.

• Гаалийн байгууллага нөөцөө зөв хуваарилах боломж бүрдэнэ.

• Улсын төсвийн орлого нэмэгдэнэ.

• Олон улсын хэмжээний хөтөлбөрт нэгдэж орсноор бусад улс орнуудтай харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах замаар гаалийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирна.

Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл авч хөтөлбөрт хамрагдаж, хамтран ажиллахыг хүссэн импорт болон экспортын үйл ажиллагаа эрхэлдэг гаалийн байгууллагын шаардлагыг бүрэн хангаж чадна гэсэн хуулийн этгээд ГЕГ-ын Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтэстэй холбогдон мэдээлэл авах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *