“Зэрлэг амьтныг хамгаалах, хууль бус худалдаа, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллагуудын оролцоо ба албаны эрэлч нохой ашиглахын ач холбогдол” сэдэвт уулзалт боллоо

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төв Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг хамтран “Зэрлэг амьтныг хамгаалах, хууль бус худалдаа, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллагуудын оролцоо ба албаны эрэлч нохой ашиглахын ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. (2019.03.22) Уулзалтад ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон нар оролцож үг хэллээ.

Албаны эрэлч нохойн мэргэжлийн онцлогийг танилцуулж цаашид байгаль хамгаалах ажилд ашиглах боломжийн талаар зөвлөлдсөн уг хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Монголын Албаны нохой судлалын холбоо зэрэг 20 орчим байгууллагын төлөөлөл оролцсон юм. 5-6 жил ажиллаад “тэтгэвэрт” гаргадаг мэргэжлийн ур чадвар бүхий эрэлч нохдыг зэрлэг амьтныг хамгаалах, байгаль орчны зөрчлийг илрүүлэх ажилд ашиглах боломжийн талаар оролцогч талууд саналаа илэрхийлж цаашид энэ чиглэлээр хийх ажлын чиглэлийг тодорхойллоо.

Хэлэлцүүлэгт байгаль хамгааллын байгууллагын төлөөлөл болох Байгаль орчин орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Хан-Хэнтийн уулсын ТХГ, Богдхан уулын ДЦГ, Горхи Тэрэлжийн БЦГ, Хангайн нурууны БЦГ, Дорноговийн ТХГ, Хустайн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэн, Монгол банхар төслийн ажилтнууд оролцож харилцан мэдээлэл солилцлоо.

Зэрлэг амьтныг хууль бус агнуураас сэргийлэх нь хил дамнасан хууль бус худалдаа, энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд чухал ач холбогдолтойг албаны хүмүүс онцлон тэмдэглэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *