Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр
тогтоолын хавсралт
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН
САХИЛГЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь гаалийн улсын байцаагчийн дагаж мөрдөх сахилгын шаардлагыг тогтоож, түүнийг дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавих, сахилгын зөрчил гаргасан гаалийн улсын байцаагчид шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Гаалийн улсын байцаагчийн сахилгын
үндсэн зарчим
2.1. Гаалийн улсын байцаагч сахилгын дараахь үндсэн зарчмыг баримтлан ажиллана:
2.1.1. хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх;
2.1.2. хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх;
2.1.3. хууль тогтоомжоор хориглосон үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх;
2.1.4. гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх.
Гурав. Гаалийн улсын байцаагчийн
сахилгын шаардлага
3.1. Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай, Гаалийн тухай хуулиар тогтоосон нийтлэг үүргээс гадна дараахь сахилгын шаардлагыг сахин биелүүлнэ:
3.1.1. албан тушаалын бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлж, хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;
3.1.2. албан хэрэг хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагааны стандартыг чанд мөрдөх;
3.1.3. хувийн ашиг сонирхолдоо албан тушаалаа үл ашиглах;
3.1.4. албан ажлын холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулахгүй байх;
3.1.5. удирдлагын зүгээс шийдвэр гаргахад аливаа хэлбэрээр хүндрэл учруулж, цаг алдуулахгүй байх;
3.1.6. албан ажлын хэрэгцээний мэдээ, мэдээллийг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх.
Дөрөв. Гаалийн улсын байцаагчийн үйл
ажиллагаанд хориглох зүйл
4.1. Гаалийн улсын байцаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
4.1.1. татвар, хураамж болон гаалийн зөрчилд ногдуулах шийтгэлийг хөнгөрүүлэх, нуун дарагдуулах, хөнгөлөлт, туслалцаа үзүүлэх;
4.1.2. бусдад хууль бус үүрэг, даалгавар өгөх, хүсэлт гаргах, гүйцэтгэхийг шаардах;
4.1.3. албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгох;
4.1.4. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилдаа очихгүй байх, сэлгэн ажиллуулах гэрээ зөрчих, ажил таслах, ажлын байраа зөвшөөрөлгүй орхих;
4.1.5. хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх;
4.1.6. ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэх болон дүрэмт хувцастай үедээ сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэх;
4.1.7. гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх боломж олгох;
4.1.8. хариуцах ажлын хүрээний болон гаалийн хяналт, бүрдүүлэлт, санхүүгийн үйл ажиллагаанд хөтөлдөг баримт бичгийг гаалийн бус зорилгоор ашиглах, бусдад ашиглуулах, үрэгдүүлэх;
4.1.9. гаалийн хяналт, шалгалтын арга тактик, албан хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжийн талаархи мэдээллийг бусдад өгөх.
Тав. Гаалийн улсын байцаагчийн сахилгад
тавих хяналт
5.1. Гаалийн удирдах албан тушаалтан нь өөрийн хариуцсан нэгжид ажилладаг гаалийн улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд сахилгын хяналт тавина.
5.2. Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн улсын байцаагчийн сахилгад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох бүрэн эрх бүхий Сахилгын хороотой байна.
5.3. Сахилгын хорооны бүрэлдэхүүн, хуралдааны дэг, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
Зургаа. Сахилгын шийтгэл ногдуулах
6.1. Энэхүү дүрмийн 2.1-д заасныг зөрчсөн гаалийн улсын байцаагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-д эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуулийн 26.1, Гаалийн тухай хуулийн 284.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.
6.2. Зөрчил үйлдсэн нөхцөл, шинж байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагавар, анх болон давтан үйлдсэн зэргийг нь харгалзан зөрчил гаргасан гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулна.
6.3. Дараахь тохиолдол нь сахилгын шийтгэлийг хүндрүүлэн авч үзэх нөхцөл болно:
6.3.1. нэг зөрчлийг хоёр болон түүнээс дээш удаа гаргасан;
6.3.2. бүлэглэж үйлдсэн;
6.3.3. санаатайгаар үйлдсэн;
6.3.4. албан тушаалаа урвуулж ашигласан;
6.3.5. сэтгэцэд нөлөөлөх бодис /эм/, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн;
6.3.6. сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд давтан үйлдсэн.
6.4. Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй.
6.5. Гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах сахилгын шийтгэлийн хугацаа 1 жил хүртэл байна. Байцаагчийн эрхээ хасуулсан ажилтан сахилгын шийтгэлийн хугацаа дуусахад Төрийн албаны зөвлөлөөс баталсан "Гаалийн улсын байцаагчийн албан тушаалд иргэнийг ороход мэргэшлийн шалгалт авах болзол журам"-ын дагуу сонгон шалгаруулалтад орно.
6.6. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Төрийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалтаар илэрсэн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахад энэ хугацааг баримтлахгүй.
6.7. Гаалийн улсын байцаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.
6.8. Гаалийн улсын байцаагчид гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь гаалийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
6.9. Гаалийн улсын байцаагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-д эрүүгийн болон захиргааны хариуцлага ногдуулаагүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй.
Долоо. Бусад
7.1. Гаалийн албанаас халах, гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах сахилгын шийтгэл хүлээсэн этгээд нь хувийн дугаар бүхий тэмдэг, энгэрийн тэмдэг, үнэмлэх, тооцоот хуудас, дүрэмт хувцасны тооцоог ажлын 3 хоногт багтаан хийж дуусгана.
7.2. Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд чөлөө авсан тохиолдолд сахилгын шийтгэлийн хугацааг чөлөөний хугацаа дууссаны дараа үргэлжлүүлэн тооцно.
---оОо---