Монголын гааль Мөнгө угаах зэрэг Эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэж ирсэн түүхэн уламжлалаас

Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж /1911-12-29-нд/ туурга тусгаар улс орныхоо эдийн засгийн талаар онцгой анхаарч улс орны бие дааж хөгжих, бусад орны дарамт хараат байдлаас гарахын тулд дэс дараатай, залгамж шинжтэй бодлого явуулж олон чухал арга хэмжээ эхлүүлж чадсаны нэг нь эдийн засгийн янз бүрийн дарамт, шахалт, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай тэмцэх асуудал байсан юм.

            Шинэ тулгар Монгол улсын  санхүү, эдийн засгийн чадамж сул, дорой байдлыг халахын төлөөнөө Монгол улсын сангийн хамаг хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайд, Түшээт засаг төрийн жүн ван Гадинбалын Чагдаржав хичээнгүйлэн зүтгэж, Гадаадын хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яамны тэргүүн сайд Эрдэнэ Дайчин ван чин ван Мижиддоржийн Ханддоржийн хамт Богд Хаантанд айлтгал өргөж, Монгол улсын Үндэсний Гаалийн албыг байгуулахыг хүссэнээр Олноо өргөгдсөний 2 дугаар оны зуны тэргүүн сарын 8 (1912 оны 6 дугаар сарын 8)-нд Сангийн яамны бүрэлдэхүүнд Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч яамыг байгуулхаар зарлиг буулгажээ.           

Үндэсний Гаалийн албаны чиг үүрэг нь гадаад дотоодын худалдаа, үйлчилгээнээс гаалийн татвар хурааж, төрийн санг аривжуулахын хамт улс нийгмийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон талтай байсан байдаг. Тухайлбал 1912 оны дундуур хар тамхины зүйлсийг хэрэглэх, нэвтрүүлэх, худалдаалах явдлыг хориглосон гаалийн бодлого хэрэгжиж эхэлсэн байна. 1913 оны 6-р сард дотоодын Гаалийн бодлого хэрэгжиж эхэлсэн нь Гаалийн албыг бэхжүүлж, газрын баялаг ашиглах, эзэмших зэрэг худалдаа үйлчилгээнээс гаалийн татвар, хураамж авч эхэлжээ. Энэ бүхэн нь ихээр нэмэгдэж байсан хятад худалдаачдын зүгээс татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө хүүлэх, жин хэмжүүрээр залилан мэхлэх, мөнгө угаах арга хэлбэрээ нарийсгахад хүргэсны улмаас ард түмнийг гадаадын худалдаачдын өрөнд гүнзгий оруулсан байна.

Түүнчлэн Орос- Монголын 1912 оны гэрээгээр Оросын худалдаачдыг гаалийн татвараас чөлөөлсөн байдаг. Энэ байдал нь Хятадын худалдаачдын зүгээс  гаалийн татвараас зайлсхийх боломж гарч Хиагт хотод төвлөрсөн Хятад пүүсүүд  Оросын бараа нэрээр өөрсдийн бараагаа татваргүй оруулах зөрчил их гарч байсан байна.

    Мөн тэр үед Монголын Засгийн газар санхүүгийн гачигдалд орж хэрэгцээ их байсан ч гэсэн Англичуудын Монголд хөрөнгө оруулж, хар тамхины худалдаа эрхлэх төв байгуулах саналыг хүлээж аваагүй тухай гадаад, дотоодын эх сурвалжтай мэдээ байдаг. Үүнээс гадна Хятадын худалдаачид ч манжийн үеийн уламжлалдаа тулгуурлан Монголын нутагт хар тамхи нууцаар оруулж ирэх үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор Монгол улсын Засгийн газар нэмж Богд хаанаар зарлиг гаргуулж байжээ.

Гадаадын (гол төлөв Оросын) уурхайн эзэд, олборлосон алтаа (татвараас зайлсхийж) Хятадын пүүсүүдэд худалдаж, тэд алтыг хил гаргаж хууль бус үйлдэл хийх нь ихсэж байжээ. Ганц баримтыг дурьдахад 1914 оны 9-өөс 12 дугаар сард Хятадын 5 пүүс 1690 орчим лан алт, алттай шороо (шороон ордоос олборлосон цэвэршүүлээгүй алт) зэргийг Оросын шуудангаар Бээжинд хүргүүлснийг илрүүлж, торгууль тавьж байсан мэдээ улсын архивт байна.

Ардын хувьсгал ялсны дараа хувьсгалт өөрчлөлтийг алхам алхамаар хийж гадаадын худалдаачид, уул уурхай эрхлэгч гадаадын харъяат нарт гааль татвар ногдуулсан ба гадаадын мөнгө хүүлэгчдэд төлөх өрийг хүчингүй болгож, зарим үйлдвэрийн газар, харилцаа холбоог улсын мэдэлд авсанаас гадна “Эд хэрэглэгчдийн үндэсний хоршоо”-г бэхжүүлж үндэсний худалдааны суурийг тавьсан юм.

             1921 оны 12-р сарын 20-нд Ардын Засгаас Гаалийн албыг байгуулж  дараах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд:

  1. Үндэсний эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангах.
  2. Нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдал халдашгүй байдлыг хангах
  3. Үндэсний баялагт хор хохирол учруулахаас сэргийлэх.
  4. Экспорт, импортын хяналтыг сайжруулж, төрийн тусгай татвар хураамжаар зохицуулах
  5. Татвар, хураамжийн хэлбэрээр улсын төсвийг бүрдүүлэх зэрэг арга замаар үндэсний зах зээлийг бүрдүүлэх, гадаадын мөлжигч капиталыг шахан зайлуулах ажлыг дэс дараалалтай хэрэгжүүлж ирэв.

       Үүний тулд үндэсний мөнгөн тэмдэгт бий болгох, олон улсын жин хэмжүүр хэрэгслийг нэвтрүүлэх, хар тамхи, согтууруулах зүйлсийг хориглох, хязгаарлах, үндэсний баялагаа гадаадад хууль бусаар алдахаас сэргийлсэн хууль тогтоомжийг дэс дараатай, шуурхай авч ирсэн байдаг. Онцлон дурьдахад 1921-1923 онд алт, мөнгө, олон улсын валют, зоосыг хил нэвтрүүлэхэд тавих хяналтыг чангатгах замаар үндэсний валют, мөнгөн тэмдэгт бий болгох урьдчилсан нөхцлийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсны дүнд 1925 оны эцсээр Монгол төгрөгөө гүйлгээнд оруулсан байна.

                 Эдгээр онуудад гадаадын худалдаачид мөнгө хүүлэгчид, эдийн засгийг хорлон сүйтгэх ажиллагаагаа дараах байдлаар явуулж байв.

 Үүнд:

  • Монгол төгрөгийн болон янчаан хоорондын зөрүүг ашиглан мөнгө угаах
  • Монголын мөнгөн тэмдэгтийг гуйвуулах, эсвэл өндөр сорьцтой мөнгөн зоосыг гадаадад гаргаж, хомсдол үүсгэх
  • Хятадын нутагт мөнгөн зоосыг дуураймалаар үйлдвэрлэж, хуурамч зоосыг Монголын зах зээлд нэвтрүүлэх
  • Гадаадын банкинд өөрийн хөрөнгөө гуйвуулах аргаар эргэлтэнд байгаа мөнгөн тэмдэгтийг цөлмөж, эдийн засгийг хорлох зэрэг ажиллагаа байлаа.

Нөгөө талаар мөнгө, төгрөг, алтан эдлэл, эрдэнийн чулуу зэрэг зүйлийг гадаадын хүмүүс их хэмжээгээр гадагш авч явах нь түгээмэл болсон тул  энэ явдалыг хориглох шаардлага  гаалийн байгууллагын өмнө гарч ирсэн билээ.

               Үүний эсрэг засгийн газраас олон арга хэмжээ авсаны нэг нь төгрөгийг цаасан болон зоос хэлбэрээр гүйлгээнд оруулсан юм. Тухайн үеийн цагаан мөнгөн зоос “нэг төгрөг”нь 900 сорьцтой, 18 грамм жинтэй байсан бол урьд нь манайд гүйлгээнд гол төлөв хэрэглэж байсан Хятадын янчаан, Англи, Америк, Мексик доллар нь 700-850 сорьцтой 22 грамм жинтэй байсан нь манай иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж  зоосон мөнгөний агуулгыг бус жинг нь голлож үзэх явдал гарч байлаа. Мөн хятадын худалдаачдын зүгээс янчааны эзлэх байр сууриа хамгаалах сөрөг бодлого явуулснаас болж үндэсний валютаа хамгаалах бас нэг чухал үүрэг гаалийн байгууллагад тулгарч байв.

 Монгол ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргажээ. Уг тогтоолд: 1. Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкинд олгох, 2. Банкны тэмдэгт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр 1,2,5,10,25,50,100-тын дэвсгэртээр гарах. 3. Мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино. 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар батлагдана” гэжээ.

1925 онд гаргасан зоосон мөнгөний -1,2,5-тын зоосыг зэсээр,-10,15,20,50-тын зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргасан.

 1925 оны цаасан дэсгэртүүдийн 100,50,25 төгрөгийн дэсгэртүүд дээр1925 оны цаасан дэвсгэртүүдийн 100, 50, 25 төгрөгийн дэвсгэртүүд дээр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ны дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, Бат-Очир, Дугар, нярав Большаков нар, бусад жижиг дэвсгэртүүд дээр дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, нярав Большаков нар гарын үсгээ зурсан байдаг. 

Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний албан газруудын төсөвт зардалуудыг төгрөгөөр тооцох болгожээ. Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүд (хаант орос, хятадын цаасан тэмдэгт, англи, америк, мексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад манжийн юмбүү)-ийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Иймээс юуны өмнө гаалийн татварыг зөвхөн Монгол төгрөгөөр тооцох, алт, мөнгө, үнэт эрдэнэсийн зүйлсийг хилээр гаргахыг хориглох тухай олон арга хэмжээ авч эхэлсэн байна.  БНМАУ-ын Засгийн газрын 1926 оны 6-р сарын 04-ны “Мөнгө зоосыг хязгаар нэвтрүүлэн авчрах ба гаргах тухай дүрэм”, 1926 оны 12- р сарын 17-ны “Худалдаа гүйлгээг монгол төгрөгөөр тооцох тухай” тогтоол, 1928 оны 4-р сарын 28-ны “Аливаа биеэр мөнгө ба мөн зүйлүүдээр үйлдсэн төгрөг зоос, жич бас тэмдэгт цаас зэргийг тус улсын хязгаар нэвтрүүлэн авчрах ба гаргах явдлыг хэрхэн гүйцэтгэх тухай түр дагаж явуулах дүрэм” зэрэг тогтоол шийдвэр хэрэгжсэн нь үндэсний мөнгөн тэмдэгт бүрэн хэмжээгээр байр сууриа эзэлж эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, гадаадын худалдаачидийг мөнгө угаах боломжгүй болгосон чухал  арга хэмжээ болсон юм. Энэхүү түүхэн үүргийг монголын гаалийн байгууллага үүрч гарсан билээ.

(Засгийн газрын зарим шийдвэрийг түүхэн баримт болгож энд хавсаргав)

Шинэ үеийн гаалийн алба байгуулагдсан (1921 он) үеэс 1930 он хүртэл гаалийн хяналт, татварын зөв бодлогын үр дүнд гадаад, дотоодын элдэв сөрөг хүчин зүйлсийг даван туулж  гадаад худалдаанд төр бүрэн хяналтаа тогтоосноор Монгол улсын гаалийн бодлогод эргэлтийн чанартай өөрчлөлт орсон нь тухайн цаг үедээ нийцсэн түүхэн ач холбогдолтой гэж үзэж болохоор байгаа юм.

Тэртээ 100-аад жилийн өмнөх гаалийн байгууллагаас Мөнгө угаах, Эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэж байсан тэмцэл өдгөө мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг болж зөвхөн монгол орны төдийгүй дэлхий нийтийн эрх ашигт нөлөөлөх эрсдэл бүхий олон улсын асуудал болжээ.  

      Өнөөг хүртэл Монголын гаалийн алба нь хөгжлийн шат бүхэндээ өөрийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ талаар манай үе үеийн гаальчид цаашид судлан үзүүштэй билээ.

            Ашигласан материал:

Монголын Санхүүгийн албаны түүх УБ 2006, 10-р тал

Б.Ширэндэв  Монгол ардын хувьсгалын түүх   1999 он, 55-р тал

БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл 1926 №11. 25-32 дахь тал.

БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл 1926 №42. 1928 он, 7 сар, 30-36 дахь тал.

Монгол улсын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Гуравдугаар боть 1926.05 сар-1936 он. 15-16, 129-130-р тал.

БНМАУлс хөрөнгөтний биш хөгжлийн төлөө тэмцэлд. УБ., 1956. 276 дахь тал.

                                   

Орхон аймаг дахь Гаалийн газар. ГУАБ Ц.Довдончулуун.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *