ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн сургагч багш бэлтгэх хөтөлбөр амжилттай явагдлаа

Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2017 онд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэл болоод байна. Хэлэлцээрийн нэгдүгээр хэсэгт тусгасан 36 арга хэмжээний хэрэгжилтийг хангахад хилийн хяналтын байгууллага гол үүрэгтэй оролцох билээ.

     Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооноос 2018 онд “Худалдааг хөнгөвчлөх Үндэсний Хөтөч Зураг 2018-2022” баримт бичгийг батлан гаргасан. Эдгээр баримт бичгийн гол анхаарал хандуулах нэг асуудал нь үндэсний сургагч багш бэлтгэх ажил байсан.
Монгол Улсын Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороо, Гаалийн Ерөнхий Газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсэг, Европын Холбооны Худалдааг дэмжих ТРАМ төслийн багаас хамтран “Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээр”-ийн сургагч багш бэлтгэх арга хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 8-наас 5 дугаар сарын 28-ны хооронд гурван үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн эхний шатанд Гадаад Харилцааны Яам, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Гаалийн ерөнхий газрын 43 оролцогч хамрагдсан. Хөтөлбөрийн дагуу өгөгдсөн даалгавар гүйцэтгэл, идэвх зэргийг харгалзан 21 оролцогч төгсгөлийн шатанд амжилттай оролцож үндэсний хэмжээнд ”Худалдааг хөнгөвчлөх” сургагч багш боллоо.
    Энэ удаагийн сургалт Ковид-19 вируст халдвар гарсан онцгой цаг үед таарсан хэдий ч зохион байгуулагч нараас “В learning” буюу цахим болон танхимын сургалтыг хослуулан явуулсан.
Худалдааг хөнгөвчлөх сургагч багш бэлтгэх хөтөлбөр нь 50 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж, Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа практикт амжилттай хэрэгжих боломжтойг харуулсан сайн туршлага хуримтлуулсан арга хэмжээ боллоо.
Ийнхүү Монгол Улсад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндэсний сургагч багш нарыг амжилттай бэлтгэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *