ДГБ-аас Гаалийн байгууллагын хууль сахиулах үндэсний сүлжээ програм хүлээн авах гэрээнд гарын үсэг зурав

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар, Дэлхийн Гаалийн Байгууллага хоорондын ДГБ-ын nCEN програм ашиглах тухай гэрээнд монголын талыг төлөөлж ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Ковид-19 цар тахлын улмаас ДГБ-ыг төлөөлж ДГБ-ын Нарийн бичгийн даргын газар уг гэрээнд 5 дугаар сарын 28-ны өдөр Брюссель хотноо гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээний дагуу ДГБ нь nCEN (Гаалийн байгууллагын хууль сахиулах үндэсний сүлжээ) програм ашиглах онцгой бус эрх бүхий, бусдад дамжуулж үл болох, оюуны өмчийн эрхийн шимтгэлгүй лицензийг Монголын гаалийн байгууллагад үнэ төлбөргүй олгох юм.

Гаалийн байгууллагын хууль сахиулах үндэсний сүлжээ (nCEN) програм нь гаалийн байгууллагууд хууль сахиулахтай холбогдсон мэдээлэл цуглуулах, хадгалах, солилцоход тус дөхөм үзүүлэх зорилгоор Дэлхийн гаалийн байгууллагаас боловсруулсан систем юм. Энэхүү програм нь хууль сахиулахтай холбогдсон мэдээллийг үндэсний түвшинд цуглуулах болон хадгалах зориулалттай хэрэглээний програмаас бүрдэх бөгөөд гаалийн байгууллагууд өөр хоорондоо олон улсын түвшинд мэдээлэл солилцох интерфейс юм.

Гаалийн байгууллагууд nCEN-ийг баталснаар өөрсдийн хууль сахиулах үйл ажиллагааны бүх талын мэдээллийг бүтэцлэгдсэн (шаталсан бүтэцтэй) мэдээллийн сангийн хүрээнд удирдан зохицуулах чадвартай болно. Ингэснээр мэдээллийг илүү сайн боловсруулах, эрсдэлийг чадварлагаар онилох, саатуулсан (хураасан) бараа болон гүйцэтгэлийн тайлан гаргах, нөөц хүчийг хуваарилах, мөн хамгийн чухал нь хилийн хяналтын байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, хамтын хүчийг дээшлүүлэх платформ бий болгох боломжтой болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *