Европын холбооны худалдааны өдөр 2020 амжилттай зохион байгуулагдлаа

“Европын Холбооны Холбооны Худалдааны өдөр 2020” уулзалт Европын Холбооны “Монгол Улсын худалдааг дэмжих төсөл”-ийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 300 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Гаалийн ерөнхий газар, түүний харьяа гаалийн газрын төлөөлөл оролцож худалдааны бодлого, худалдааг хөнгөвчлөх сэдвээр танилцуулга хийж, уул уурхай бус гаралтай барааны экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, импорт, экспортын бүрдүүлэлтийн чиглэлээр оролцогчидтой санал солилцлоо.
Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын худалдааг дэмжих төсөл” нь (EU-TRAM) 2017 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж байна. Төсөл нь “Худалдааны бодлого; Худалдааг хөнгөвчлөх; Уул уурхайн бус барааны экспортыг дэмжих” гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байна. Төслийн гуравдугаар бүрэлдэхүүний хүрээнд “Чацаргана; Арьс шир; Гоо сайхан; Сарлагын хөөвөр” зэрэг уул уурхайн бус дөрвөн кластер (cluster)-ыг нэгтгэн, тэдгээрийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг гадаад улс оронд, ялангуяа Европын Холбооны гишүүн улсуудад экспортлох үйл ажиллагааг нь өргөжүүлэх зорилготой.
Мөн арга хэмжээний үеэр төрийн байгууллага гадаад худалдааны бодлого, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, ялангуяа бизнест дэмжлэг болох талаар танилцуулга хийж, тодорхой мэдээллийг түгээсэн бол дээрх 4 кластерын үйлдвэрлэгчид өөрсдийн барааны худалдааны стандарт, экспортод тулгарч буй хүндрэлийн талаар харилцан санал солилцлоо.
Төслийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх чиглэлээр Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар хамтран бодлогын баримт бичиг боловсруулах, сургалт зохион байгуулах, судалгаа хийх чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлсээр байна.
“Европын Холбооны худалдааны өдөр 2020” арга хэмжээний төгсгөлийн өдөр худалдаа эрхлэгч нарт “Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем” (GSP систем)-ийн талаар мэдээлэл түгээх, ил тод байдал, талуудын оролцоог нэмэгдүүлэх, гаалийн хяналт чиглэлээр гадаад, дотоодын эксперт, худалдаа эрхлэгч нар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
“Европын Холбооны Худалдааны өдөр”-ийг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү санаачилга нь Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт хөгжүүлэхэд дэмжлэг болсон үр дүнтэй арга хэмжээ болсоор байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *