Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үндэсний хорооны тавдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдав

Монгол Улс ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт 2016 онд нэгдэн орж, уг хэлэлцээр 2017 онд хүчин төгөлдөр болсноор худалдааг хөнгөвчлөх асуудал үндэсний хэмжээнд анхаарал хандуулах асуудлын нэг болсон. Анх хэлэлцээрт нэгдэн орох үед Монгол Улсын үүрэг амлалт 23.5 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар хэлэлцээрийн хэрэгжилт 56.3 хувьтай байна.  

ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Засгийн газрын Үндэсний хорооны хуралдаан ГХЯ-ны “ЗӨВШИЛЦӨЛ” танхимд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар хэлэлцээрийн хэрэгжилтэд хийсэн мониторингын үр дүн, Үндэсний хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулан баталсан.

Мөн гадаад худалдаатай холбоотой мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан”-ийн хэрэглээг өргөжүүлэхhttps://mongoliatradeportal.gov.mn/, мэдээллийн сангийн тогтвортой ажиллагааг хангах, гадаад худалдааны “Цахим нэг цонхны систем” байгуулах ажлыг идэвхжүүлэх, гадаад худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах асуудлыг хэлэлцэв.

“ГХЯ, ГЕГ, МХЕГ-аас хамтарсан Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтэд хийсэн мониторинг хийх ажлын хэсэг”-ийг ГЕГ ахлан ажилласан ба хуралдааны үеэр гишүүдэд ажлын хэсгийн хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин Гаалийн байгууллага Монгол Улсын ДХБ-ын өмнө авсан үүрэг амлалтыг биелүүлэхэд манлайлан оролцож, бусад гишүүдэд дэмжлэг үзүүлэн, ялангуяа чадавхыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаасан.

Монгол Улс 2026 он гэхэд “Гадаад худалдааны Нэг цонхны систем”-ийг нэвтрүүлснээр хэрэгжилтийг бүрэн хангах болно. Энэ нь зөвхөн төрийн байгууллагаас хамаарах ажил биш бөгөөд Төр – Хувийн хэвшлийн итгэлцэл, түншлэлд тулгуурлах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *