УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2022

Монгол Улсын гаалийн байгууллага өнгөрсөн оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа хэлэлцэн дүгнэж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг уламжлалт удирдах ажилтны “Зөвлөлдөх уулзалт” өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд гаалийн байгууллагын дарга, дэд дарга, гаалийн газар, хороод, нэгжийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Гаалийн байгууллага 2021 онд улсын төсөвт 3 их наяд 560 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 3 их наяд 509 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажилласан байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт буурсан хэдий ч улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллажээ.  Мөн бүс нутгийн хэмжээнд хүлээсэн үүргийн дагуу эрсдэлийн судалгаанд суурилан худалдааны луйвар, гаалийн зөрчлийг үр дүнтэй илрүүлэн таслан зогсоож нийт 933 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.
Өнгөрсөн онд гаалийн байгууллага гаалийн мэдээллийн системийн сервер, тоног төхөөрөмж болон программ хангамжийг дараагийн түвшинд гаргахад анхаарч өдөр тутмын хэрэглээний КАИС, СЭПС системүүдээ үе шаттайгаар шинэчилж, системийн ачааллыг бууруулсны зэрэгцээ анх удаа гаалийн харилцаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжид хандсан цахим систем gaali.mn-ийг шинээр нэвтрүүлж олон нийтэд танилцуулсан юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжид үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэнд үзүүлдэг 14 үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн байна. Мөн гаалийн байгууллагаас олгож байгаа нийт 9 зөвшөөрлийг “Тусгай зөвшөөрлийн цахим систем” /www.license.mof.gov.mn/-д оруулснаар төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, нүүр тулсан харилцаа, шат дамжлагыг багасгах, зардал хэмнэх боломжийг бүрдүүлсэн юм.
Түүнчлэн 2019 оноос хэрэгжиж эхэлсэн гаалийн шинэчлэл, боомтуудын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг өнгөрсөн онд дуусгахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас удааширсан. Иймд Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо, Хөшигтийн хөндий зэрэг боомтод хийгдэж байгаа бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлуудыг 2022 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.   Мөн ирж буй 2022 онд  4.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх зорилтыг биелүүлэх, хууль ёсны худалдааг бүх талаар дэмжин Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ханган ажиллах, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу (Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 1 дүгээр сарын 5-ны №5, Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн №4) хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллага хэрэгжүүлэхтэй холбогдуулан улсын хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгсэлд тавих хилийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах, зөв зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг олон асуудлын хүрээнд зөвлөгөөн үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *