Дгб-ын хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, олон талт байдлын сүлжээ хурал амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхийн гаалийн байгууллагаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр “Гаалийн байгууллагын хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, олон талт байлдын сүлжээ” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд нь Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнууд болон хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөл оролцлоо. 

Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурияа “Хүйсийн тэгш байдал, оролцоо нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, харин бүх нийтийн анхаарал хандуулах, үүрэг хариуцлага гэж үзэх ёстой. Тус байгууллагын үндсэн үнэт зүйлсийн нэг болох хүртээмжтэй байдал, олон талт байдал, тэгш байдал нь бүх хүмүүст зориулагдсан боломжууд гэдэгт итгэдэг” хэмээн хурлыг нээв. Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын гаалийн байгууллагын 37 хувийг эмэгтэй албан хаагчид бүрдүүлэн ажиллаж байна. 

Хурлын үеэр Олон улсын худалдааны төвийн дэд дарга Памела Коке Хамилтон “Хил дамнасан худалдаанд оролцогч эмэгтэйчүүдэд тулгарч байгаа саад бэрхшээлийг арилгах, бүх нийтэд хүртээмжтэй худалдааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах бөгөөд худалдааны бодлого боловсруулагчид, хилийн хяналтын байгууллагууд, бизнесийн салбарынхан хүйсийн тэнцвэртэй байдалд мэдрэмжтэй бизнесийн орчныг бүрдүүлэхийн тулд гар нийлэн ажиллах шаардлагатай гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн илтгэж хурлыг үргэлжлүүллээ. Мөн энэ үеэр дэлхийн хүн амын доторхи 1 тэрбум гаруй эмэгтэйчүүд дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцаанд оролцдоггүй гэсэн судалгааны дүн гарсан байна. 

Дэлхий нийтийг хамраад буй КОВИД-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнууд бараа нийлүүлэлтийн худалдааны сүлжээг тогтвортой хангах ажилд анхаарал хандуулан ажилласан билээ. 

Олон улсын худалдаанд оролцогчдын тодорхой хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Иймээс худалдааны харилцаанд оролцогч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, түүнд анхаарал хандуулах нь чухал гэж үзэж байна. 

Дэлхийн гаалийн байгууллага гишүүн орны гаалийн байгууллагуудад хүний нөөцийн удирдлага, манлайлал, ажил мэргэжлийн хөгжлийн чиглэлээр дотооддоо жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэн ажиллахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа улс орнуудын сайн туршлагыг хурлын үеэр дэлгэрэнгүй танилцууллаа. 

КОВИД-19 цар тахал нь шинэ нөхцөлд хурдан дасан зохицохын тулд технологийн хэрэглээ, дижиталчлалын давуу талыг ашиглах нь чухал болохыг бидэнд харуулж байгаа хэдий ч эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хүртээмжийг зөв тооцоолох, тэдгээрийг хүн бүр ашиглах боломжтой байх ёстойг онцолсон байна. Мөн цар тахлын нөлөөгөөр эдийн засаг уналтад орж, үүнээс үүдэн эдийн засаг дахь хүйсийн ялгааг эрс нэмэгдүүлсэн бөгөөд хүчирхийллийн түвшин нэмэгдсэн тухай судалгааны үр дүн гарсан байна. 

Иймээс гаалийн байгууллагууд эдгээр эрсдэлийг бууруулахын тулд шинэ нөхцөл байдалд дасан зохицох, хүйсийн тэнцвэртэй байдалд анхаарах механизмыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *