ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА АЛБА ХААГЧДЫНХАА ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

ГЕГ-аас “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлгийг албан хаагчдын оролцоонд тулгуурлан өчигдөр буюу 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

“Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлгийн эхэнд удирдлагын зүгээс авч хэрэгжүүлсэн ажил, баримтлан ажиллаж буй бодлого, чиглэлийн талаар товч мэдээлэл өгч,  хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Мөн үүсээд байгаа нөхцөл байдал буюу сул орон тоог нөхөн хангах, орон нутагт ажиллах хүчийг хуваарилах шаардлагын үүднээс 2014 онд батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сэлгэн ажиллуулах журам”-ыг шинэчлэх; Хүний нөөцийн ойрын болон дунд, урт хугацааны нөхөн хангалт, сургалт хөгжлийн төлөвлөлт гэсэн хоёр сэдвийн хүрээнд үргэлжилсэн.

Хэлэлцүүлэгт гаалийн газар, хорооны 146 албан хаагчид танхимаар, орон нутгийн нэгжүүдээс 250 төлөөлөл цахимаар тус тус оролцож, удирдлагын зүгээс анх удаа тулгамдаж буй асуудлын хүрээнд албан хаагчдын санал бодлыг нээлттэй сонсож, хүлээн авч байгаад талархлаа илэрхийлж байв.

Гаалийн байгууллагад өнөөдрийн байдлаар 400 гаруй сул орон тоо байгаагаас орон нутаг буюу хилийн боомтуудад ажиллах хүн хүчний дутагдал их байгаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байна. Түүнчлэн албан хаагчид хилийн боомтод ажиллаж, амьдрах орчин  нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах шаардлага тулгарч байгаа талаар ч ярьж байлаа.

Нийслэлийн нэгжүүдэд ажиллаж байгаа албан хаагчид дунд орон нутагт томилогдож ажиллаж байсан эсэх судалгааг гаргаж үзэхэд 22-60 насны, 5 сараас 32 жил ажилласан 100 хүн байна. Тэдний 76 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй хүн байгаа тухай хүний нөөцийн хэлтсээс танилцуулсан.  

Албан хаагчдын сэлгэн ажиллуулах журмыг хэрэгжүүлэх тухай эхний хэлэлцүүлгээс хүний нөөцийн мэдээллийг ил тод болгох, томилолтоор ажиллах  хугацааг тодорхой байлгах, программ ашиглан, хүний оролцоогүйгээр хуваарийг хийх зэрэг саналууд гарч гаалийн байгууллагын удирдлага болон нийт албан хаагчид дэмжсэн юм. 

Цаашид гаалийн байгууллагын хүний нөөцийг ойрын болон дунд, урт хугацаанд төлөвлөх, одоо байгаа сургалтын төвийн эрх хэмжээг өргөтгөх  замаар гаалийн албан хаагчдыг хэрэгцээтэй байгаа мэргэжлээр мэргэшүүлэх, давтан сургах ажилд анхаарч хүний нөөцийн нөхөн хангалтыг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүссэн тухай хэлэлцэж, санал нэгдэв. 

Хэлэлцүүлгээс Гаалийн улсын байцаагчийн сэлгэн ажиллуулах журмыг шинэчлэн боловсруулах; Хүний нөөцийн төлөвлөлтийг хийх ажлын хэсгүүдийг байгуулж, албан хаагчдаас ирүүлсэн 60 гаруй саналыг судлан үзэж, тусгаж ажиллах шийдвэр гарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *