“Экспорт, импортын зөвшөөрөл олгох, хянах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын мэдээллийг цахимжуулах-гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

✅️Гаалийн ерөнхий газар Авлигатай тэмцэх газартай хамтран Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан  “Улсын хилээр төрийн хяналтын доор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-ыг хэрэгжүүлэгч байгууллагууд болон импорт, экспортын бараанд тусгай зөвшөөрөл олгодог байгууллагуудын уялдаа холбоо хангах, цахимаар мэдээлэл солилцох үйл ажиллагааг боловсронгуй болгох, зарим мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг судлах, хүнд суртал, чирэгдэл үүсгэх, ашиг сонирхлын зөрчил бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

✅️Хэлэлцүүлэгт Цахим хөгжил харилцаа холбооны яам, Эрүүл Мэндийн Яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, И-Монгол академи,  Нийгэм эрүүл мэндийн Үндэсний төв зэрэг төрийн байгууллагын 20 , импортлогч, экспортлогч аж  ахуйн нэгжийн 20,  ГЕГ-ын зохион байгуулалтын нэгж, гаалийн газар,  хороодын 50 гаалийн улсын байцаагч,  нийт 90 хүний төлөөлөл танхимаар болон цахимаар хамрагдсан юм. 

✅️Дээрх үйл ажиллагааг зохицуулж байгаа дүрэм журмыг боловсронгуй болгож, хяналт тавьж байгаа хэрэгжүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжид тодорхой болгох, цахим мэдээллийн салбар дундын нэгдсэн платформ үүсгэх,  биет харьцаанаас зайлсхийх, хүнд суртал, шат дамжлагыг багасгах, холбогдох төрийн байгууллагаас олгож буй экспорт, импортын лиценз, бусад зөвшөөрлийн чанартай баримт бичгийг гаалийн байгууллага цахимаар ашиглах, лабораторийн сорилтын дүнг цахимаар солилцох, олон улсад хэрэглэгдэж буй и-бизнес порталыг судлах зэрэг асуудлаар санал солилцож, бизнес эрхлэгчдээс тавьсан санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, холбогдох шийдлийг гарган, хэлэлцүүлгийг мөрөөр  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж гаргасан байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *