Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан айлчлалын хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Холбооны гаалийн албаны байранд ажлын уулзалт хийв. Энэхүү уулзалтаар Талууд Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагааны хүрээнд 2020-2021 онуудад хийсэн ажлуудын үр дүнг сайшаан тэмдэглээд цаашид хийх ажлын талаар санал солилцов. Түүнчлэн гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хяналтыг түргэн шуурхай болгох зорилгоор “Зарим нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг цахим байдлаар харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Протокол”-д гарын үсэг зурав. Тус Протоколыг байгуулснаар олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт хилийн боомтоор ОХУ-аас Монгол Улсад оруулах импортын 51 нэр төрлийн бараа, Монгол Улсаас ОХУ-д гаргах экспортын 17 нэр төрлийн барааны мэдээллийг цахим байдлаар гаалийн байгууллага хоорондоо солилцож, эдгээр нэр төрлийн бараанд гаалийн хяналтыг давхардуулж хийхгүй байхаар зохицуулжээ. Иймд Монгол-Оросын гаалийн байгууллагууд тус Протоколыг хэрэгжүүлж ажилласнаар гадаад худалдаанд оролцогчдод илүү таатай орчин бүрдүүлж, гаалийн хяналт, шалгалтыг чирэгдэлгүй болгоход чухал ач холбогдолтой болох юм. Түүнчлэн гадаад худалдаа эрхэлдэг монголын компаниудад тулгардаг хүндрэл бэрхшээлийг хэлэлцэх, ОХУ-ын гаалийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор гааль бизнесийн төлөөлөл оролцсон ярилцлага уулзалтыг 2022 онд ОХУ-д зохион байгуулах саналыг Оросын талаас гаргасныг Монголын тал дэмжиж ажиллахаа илэрхийлэв.