Гаалийн байгууллага Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Шинэ үеийн Гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 110 жилийн ойг угтан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 0.5 га газарт мод тарьж “Гаальчдын мөнх ногоон төгөл” байгуулан, бүрэн тохижуулах ажлыг өнөөдөр санаачлан эхлүүллээ.
“Гаальчдын мөнх ногоон төглийг газар хороо бүрд бүтээцгээе” уриатай мод тарих аянаар нийт сая гаруй мод тарихаар зорьж байгаа бөгөөд гаалийн системийн нийт ажилтан албан хаагчид болон залуусын оролцоог идэвхжүүлж, хуурай газрын эко системийг хамгаалахад гаальчид хувь нэмрээ оруулж, жил бүр мод нэмж тарин мөнх ногоон төглөө улам баяжуулахыг ГЕГ-ын удирдлагууд уриаллаа.
Энэ аяны эхлэл болгож гаалийн албан хаагчид нарс, гацуур, голт бор, буйлс, монос, хайлаас зэрэг 6 төрлийн 1500 гаруй модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суулгахаар төлөвлөж эхний суулгацаа өнөөдөр тарьж нийслэл хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмлээ.
Мод тарих нь чухал боловч тарьж суулгасан модоо арчилж ургуулах, нөхөн сэргээхэд анхаарах нь ч ихээхэн ач холбогдолтой билээ. Иймд гаалийн байгууллагын хамт олон модыг стандартын дагуу зөв тарих арга техникт суралцан, суулгасан модоо хэрхэн арчилж ургуулах тухай заавар зөвлөмжийг авч, жилийн дөрвөн улиралд арчилж, хамгаалахаар болсон юм.
Гаалийн байгууллагын хамт олноос байгалийн тэнцвэрт байдлыг хамгаалж, мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв арчлан ургуулахыг уриалж байна.