Монгол Улсад 2000 оноос эхлэн озон задлах бодис, тэдгээрийг орлуулах бодсын импорт, экспортын зөвшөөрлийн тогтолцоо хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу Агаарын тухай хуулийн 25-2 дугаар заалтын дагуу тухайн жилд импортлох озон задлах бодисын болон бусад орлуулах бодисын тоо хэмжээг тогтоон зөвхөн бүртгэлтэй импортлогчдод батлагдсан тоо хэмжээний дагуу тусгай зөвшөөрөл олгон Гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГХФН) импортыг хянаж байна.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн албаны Озоныг хамгаалах хөтөлбөрийн дэмжлэгээр Озоны үндэсний албанаас гааль, мэргэжлийн хяналтын албан хаагчдад зориулсан сургагч багш бэлтгэх сургалт семинарыг 2022 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд дараах зорилгоор зохион байгуулсан юм.
-Сургагч багш бэлтгэн озон задалдаг бодис, тэдгээрийг оруулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой эрх зүй, хяналт шалгалт, анхаарах асуудлын талаар бие даасан сургалт явуулах хөтөлбөр боловсруулж, хилийн болон гүний гаалийн ажилтнуудад байнгын тогтмол хугацааны сургалт зохион байгуулах;
– Гаалийн болон бусад хяналтын байгууллагын ажилтнуудыг ГХФН, гидрофтортнүүрстөрөгчтэй (ГФН) холбоотой одоогийн мөрдөж байгаа үндэсний дүрэм журмын хэрэгжилтийг хангахад шаардлагатай мэдлэг өгөх;
– Хөрш орнууд болон худалдааны томоохон түнш орнуудын гаалийн хяналт шалгалт, ГХФН /ГФН-ийн хяналтын тогтолцооны талаарх мэдээллээр хангах;
– ГХФН/ГФН-ийн үйлдвэрлэл, хэрэглээний гадаад, дотоод худалдаа, тухайн улсад ашиглагдаж буй ГХФН, ГФН болон тэдгээрийн хольцын төрөл, ГХФН, ГФН агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, түүнийг ашигладаг салбаруудын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болгох;
– Үндэсний хууль тогтоомжийн дагуу ГХФН, ГФН болон тэдгээрийн хольц, ГХФН, ГФН агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг үнэн зөв, аюулгүйгээр тодорхойлж, шалгах, хууль бусаар нэвтрүүлэх арга зам, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэх;
Энэхүү сургалтын хөтөлбөрт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, гаалийн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчдыг оролцуулж байгаа бөгөөд 30 сургагч багшийг бэлтгэсэн.