Дэлхийн гаалийн байгууллага болон Швейцарын эдийн засгийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргын газар хамтран Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийн санхүүжилтээр “Гаалийн эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг Бүгд Найрамдах Серби Улсын гаалийн байгууллагад 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Дэлхийн гаалийн байгууллагын Эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны болон техникийн зөвлөх Пандей Ахилеш (БНЭУ-ын Гааль, татварын газар), доктор Д.Цэндсүрэн (Монгол Улсын Гаалийн ерөнхий газар) нар хамтарч удирдсан юм.
Энэхүү арга хэмжээ нь “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь шатны сургалт бөгөөд эхний сургалтын үед боловсруулсан “Эрсдэлийн удирдлагын хүрээ”, “Эрсдэлийн удирдлагын хороо”-г байгуулах эрх зүйн баримт бичгийн төслийг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад асуудлыг хамруулсан байна.
Сургалтын үр дүнд Бүгд Найрамдах Серби Улсын гаалийн байгууллага “Эрсдэлийн удирдлагын хүрээ”-гээ баталж, Эрсдэлийн удирдлагын хороог байгуулах замаар худалдааг хөнгөвчлөх хөтөч зурагт нийцсэн ирээдүйн чиглэлээ гаргажээ.
Ийнхүү Дэлхийн гаалийн байгууллагын Гишүүн орнууд харилцан бие биенээсээ суралцан туршлагаа хуваалцаж байгаа нь орчин үеийн чиг хандлагад нийцсэн гаалийн хяналтыг удирдан зохион байгуулах боломжийг бүрдүүлж байна.