Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол Улсад модны үр, үрслэг, суулгац импортлоход “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”, “Ойн тухай хууль”, “Таримал ургамлын үр, сортын тухай хууль”-д заасан шаардлагуудын дагуу Гаалийн байгууллага хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 173-р тогтоолын 1 дүгээр хавсралт “Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”, 2011 оны 146 дугаар тогтоол “Ургамлын үр,үрслэг, суулгац, ургамал хамгааллын бодис, бордоог жилд нэг удаа нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” тогтоолоор хилээр нэвтрүүлэх боомтыг зааж өгсөн. Үүнд:
- Улаанбаатар хотын Буянт-Ухаа;
- Дорноговь аймгийн Замын-Үүд;
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар;
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг;
- Увс аймгийн Боршоо;
- Дорнод аймгийн Эрээнцав;
- Баян-Өлгий аймгийн Цагааннуур;
- Ховд аймгийн Булган;
- Дорнод аймгийн Баянхошуу боомтуудаар импортлох боломжтой.
Харин дараах боомтуудаар жилд нэг удаа 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хилээр нэвтрүүлж байна.
- Дорнод аймгийн Хавирга;
- Завхан аймгийн Арцсуурь;
- Говь-Алтай аймгийн Бургастай;
- Хөвсгөл аймгийн Ханх боомтуудаар дээрх тогтоосон хугацаанд импортлох боломжтой.
Холбогдох хууль даасны дагуу Гаалийн байгууллагаас дараах 3 түвшны хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.
Импортын өмнөх үеийн хяналт
Импортлох үеийн хяналт
Лаборарторийн шинжилгээт хяналт
Импортын өмнөх үеийн хяналт:
Модны суулгац импортлоход таримал болон байгалийн ургамлын үр суулгац импортлоход 30 хоногийн өмнө Гаалийн цахим систем сaps.gaali.mn-ээр дараах холбогдох баримт бичгийг хавсарган хүсэлтээ цахимаар илгээж импортын мэдэгдлээ авна. Үүнд:
Жимс, жимсгэний модны бут, сөөг, суулгацад
- ГЕГ-т хандсан хүсэлт. Үүнд /Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, нэвтрүүлэх хилийн боомт, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, сав, баглаа боодол, боловсруулсан байдал, хаяг шошго тодорхой бичсэн байх/
- Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг /Орос, англи хэлээр бичигдсэнээс бусад тохиолдолд монгол хэл дээр баталгаат орчуулгаар орчуулсан байх/
- Хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар
- Экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон үр, үрслэг, суулгацын чанар тодорхойлох баримт бичиг, сортын мэдээлэл
Бусад төрлийн модны бут, сөөг, суулгацад
- ГЕГ-т хандсан хүсэлт. Үүнд /Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, нэвтрүүлэх хилийн боомт, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, сав, баглаа боодол, боловсруулсан байдал, хаяг шошго тодорхой бичсэн байх/
- Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг /Орос, англи хэлээр бичигдсэнээс бусад тохиолдолд монгол хэл дээр баталгаат орчуулгаар орчуулсан байх/
- Хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар
- Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ
- Эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах гэрээ
- Экспортлогч улсын эрх бүхий байгууллаас олгосон Генийн өөрчлөлттэй эсэх талаарх /GMO/ баримт бичиг
Импортлох үеийн хяналт:
Монгол Улсын хил дээр модны үр, үрслэг, суулгац ирэхэд хорио цээрийн хяналт шалгалтад гаалийн улсын байцаагч нь дараах байдлаар хамруулна.
Бичиг баримтын хяналт:
Экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ /Phytosanitary certificate/, гарал үүслийн гэрчилгээ /Certificate of Origin/ болон бусад холбогдох баримт бичгийн мэдээлэл импортын мэдэгдэлтэй тохирч буй эсэхэд хяналт хийнэ.
Биет үзлэгийн хяналт:
Үр, үрслэг, суулгацын дагалдах бичиг баримт нь тээврийн хэрэгслийн талаархи мэдээлэлтэй тохирч буй эсэх, зориулалтын тээврийн хэрэгслээр зохих шаардлагийн дагуу тээвэрлэсэн эсэх болон сав, баглаа, боодол, хаян шошго нь стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт хийнэ.
Лаборарторийн шинжилгээт хяналт:
Үр, үрслэг, суулгацад хийсэн үзлэг, шалгалтаар зөрчил илрээгүй нөхцөлд стандартын дагуу дээж авч дээжийг сонгон авч, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын хүрээнд шинжилгээнд хамруулан холбогдох стандартад нийцсэн тохиолдолд улсын хилээр нэвтрүүлнэ.
Views:
0