Дэлхийн худалдааны байгууллагын Гаалийн үнэлгээний хорооны хуралдаан Швейцар Улсын Женев хотод (2024.05.23) зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар ДХБ-ын гишүүн 28 орны Гаалийн үнэлгээний мэдэгдлийг хэлэлцсэний дотор Монгол Улсын Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль зэрэг үндэсний хууль тогтоомж нь ДХБ-ын Гаалийн үнэлгээний хэлэлцээрт нийцэж байгаа тухай Монгол Улсын мэдэгдлийг хүлээн авч хэлэлцсэн юм.
Олон улсын гэрээ хэлэлцээрт үндэсний хууль тогоомж нь нийцсэн байх нь ДХБ-ын худалдааны олон талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, МУ-аас бусад улс оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэрэгжүүлэх, гаалийн үнэ, үнэлгээтэй холбоотой гарч байгаа маргаантай болон бусад асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Мөн Дэлхийн худалдааны байгууллагын Гаалийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулсан “ДХБ-т Гаалийн үнэлгээний асуудлаар мэдэгдэл хүргүүлэх нь” сургалтанд Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн ГУАБ Н.Цолмон оролцсон байна. ДХБ-ын гишүүн орнууд Гаалийн үнэлгээний хэлэлцээрийн 22 дугаар зүйлд заасны дагуу гаалийн үнэлгээний асуудлаарх хууль тогтоомжоо мэдэгдэхээс гадна тус хууль тогтоомжийн нийцлийг 15 асуулт бүхий ”Шалгах хуудас”-аар гаргаж, ДХБ-д мэдэгдэх үүрэг хүлээдэг. Тэрээр тус сургалтанд хамрагдсанааар Монгол Улсын “Шалгах хуудас” мэдэгдлийг төсөл байдлаар бэлтгэж, дараагийн шатны мэдэгдэл хүргүүлэхэд бэлэн болгосон байна.
Views:
0