2024 оны 06 дугаар сарын 14-ны өдөр уг хөтөлбөрт амжилттай тэнцэн шалгарч Япон Улсын их сургуулиудад суралцах эрх авсан албан хаагчдын нэрсийг зарлах, баталгаажуулах гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Монгол Улс Япон Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжүүлж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба нийт 416 төрийн албан хаагчдыг магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулж, төгсөгчид нь МУ-ын төрийн байгууллагууд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлуудыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэх зорилготой юм.
Энэ жилийн “ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР /JDS/-2023″ хөтөлбөрийн 3 шатны сонгон шалгаруулалтанд Гаалийн төв лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч Сүхбатын Жаргалмаа, Ховд аймгийн Булган дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Пүрэвбаатарын Бямбажаргал нар амжилттай тэнцэж Япон Улсын Цукубагийн Их сургууль, Нагаокагийн Их сургуулийн магистрантурт суралцах эрх тус тус авсан байна.
Views:
0