“МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН 2017 ОНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛД” ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

МУ-ын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөөнд гадаад худалдааны статистикийн зэрэгцүүлэлтийг гурван жилд нэг удаа хийж байхаар тусгасан байдаг. Энэхүү зэрэгцүүлэлтийг хийх ажлын хэсгийн 3-р уулзалт 2018 оны 7-р сарын 22-28-ны өдрүүдэд Москва хотод боллоо. Энэхүү хамтарсан зэрэгцүүлэлтэнд ОХУ-аас Холбооны гаалийн албаны Дүн шинжилгээний газрын дарга, зөвлөхүүд, Монгол улсаас ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн оролцож 2017 оны Монгол улс, ОХУ-ын хооронд хийгдсэн экспорт, импортын статистикийн тоон үзүүлэлтийг хамруулж, 19 нэр төрлийн бараанд нарийвчилсан тулгалт хийсэн юм.

Зэрэгцүүлэлтийн явцад гарсан зөрүүний шалтгаан нь аргачлалын ялгаа, барааны ангиллын зөрүү, бүртгэлийн онцлог, он дамналт зэрэгтэй холбоотой байсан юм. Мөн ОХУ-ын хувьд зорчигчийн барааг жингээр нь ба тоо хэмжээгээр нь гэсэн хоёр байдлаар тооцож статистик мэдээндээ оруулж, татвар тооцдог онцлогтой байсан юм.

Манай улсын ОХУ-тай хийсэн гадаад худалдааны эргэлт 2015 онд 1097.9 сая ам.доллар байсан бол 2017 онд 1286.9 сая ам.доллар болжээ. ОХУ манай улсын гадаад худалдааны нийт импортын 28.1%, нийт экспортын 1.1%-ийг тус тус эзлэж байна. Тухайлбал жонш, мах зэрэг бараа экспортод гол хувийг эзлэж байгаа бол, нефтийн бүтээгдэхүүн (бензин, дизель түлш) импортын голлох хувийг эзлэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *