Монгол, Камбож, БНАЛАУ, Вьетнам улсын гааль, татварын албаны хамтын ажиллагааны семинар боллоо

Олон улсын валютын сангаас Монгол Улс, Камбожийн Хант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсуудын гааль, татварын байгууллагуудын төлөөлөгчдийг хамруулан 2023 оны 3 дугаар сарын 14-16 өдрүүдэд “Гааль, Татварын албаны хамтын ажиллагаа” сэдэвт семинарыг Туушин зочид буудалд зохион байгууллаа.
Тус семинарыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд нар нээж үг хэлсэн бөгөөд Олон улсын валютын сан (ОУВС)-ийн ахлах эдийн засагч Тадацүгү Тони Мацүдайра, тус сангийн зочин эрдэмтэн Людвиг Вейр, Азийн гаалийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийн удирдагч Стивен Кокс, ОУВС-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Эдийн засгийн зөвлөх Майкл Харди нар удирдсан юм.
ОУВС-гийн мэтгэжилтэн Людвиг Вейр “Дата мэдээлэл солилцоо болон түүний бэрхшээл”, ОУВС-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Эдийн засгийн зөвлөх Майкл Харди “Гааль, татварын байгууллагуудын хооронд өгөгдлийг хуваалцах эрх зүйн орчин” сэдвүүдээр илтгэл тавьж, семинарт оролцогчид “Гааль, татварын захиргааны хамтын ажиллагаанд тооцоолж буй ирээдүйн төлөв болон сорилтууд” сэдвээр санал солилцлоо.
Мөн Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын албан хаагч нар Камбож, БНАЛАУ, Вьетнам Улсын гааль, татварын байгууллагуудын төлөөлөгч нартай хамтарсан уулзалтуудыг зохион байгуулж санал солилцсон бөгөөд уулзалтын төгсгөлд семинарт оролцсон төлөөлөгч нарт сертификат гардууллаа.
Энэхүү семинарын үеэр ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс хамтран Камбож, БНАЛАУ, Вьетнам Улсын гааль болон татварын байгууллагуудын төлөөлөгчдөд ГЕГ-ын Төв лаборатори, Музей, Хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагааг танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *