ГЕГ: 2023 оны эхний 6 сард  Монгол улс экспортод 7564.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.5 хувиар өссөн байна.  

📍 Тухайлбал, эрдэс бүтээгдэхүүний экспорт 2158.2 сая ам.доллар буюу 48.6 хувиар; хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 88.1 сая ам.доллар буюу 41.6 дахин; хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн экспорт 15.7 сая ам.доллар буюу 5.9 дахин; амьд мал, амьтад, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний экспорт 59.9  сая ам.доллараар буюу 5.1 дахин тус тус өсчээ.  

📍 2023 оны эхний 6 сарын  эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.2 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна. 2022 оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрсний экспорт 20269.3 мян.тонноор, үнийн дүн нь 1981.2 сая ам.доллараар тус тус өсч, хилийн дундаж үнэ нь 138.0 ам.доллараар  буурчээ. 2023 оны эхний 6 сард чулуун нүүрсний 98.8 хувийг БНХАУ руу  гаргасан байна.

📍  2022 оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмалын экспорт 16.5 мянган тонноор өсч,  үнийн дүн нь 260.9 сая ам.доллараар, хилийн дундаж үнэ нь 387.2 ам.доллараар тус тус буурчээ. 2023 оны эхний 6 сард зэсийн баяжмалыг 99.9 хувь БНХАУ-д гаргасан байна.    

📍  2023 оны эхний 6 сард молибдены баяжмалын экспортын тоо хэмжээ 527.9 тонноор, үнийн дүн нь 31.3 сая.ам.доллараар тус тус өссөн байна. Хилийн дундаж үнэ 14281.4 ам.доллараас 21382.4 ам.доллар хүртэл өсчээ. Молибдены баяжмалын экспортын 74.9 хувийг БНХАУ-д, 17.4 хувийг БНСУ-д тус тус гаргасан байна.   

📍  2023 оны эхний 6 сард хайлуур жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 269.0 мянган тонноор, үнийн дүн нь 70.9 сая ам.доллараар тус тус өсчээ. 2022 оны мөн үед 1 тонн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 280.2 ам.доллар байсан бол 2023 оны эхний 6 сард 269.7 ам.доллар болон буурчээ. Хайлуур жоншны 20.7 хувийг ОХУ, 72.7 хувийг БНХАУ-д гаргасан байна.

📍  2022 оны эхний 6 сард боловсруулаагүй нефтийн экспорт 2355.9 мянган баррель буюу 175.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2241.9 мянган баррелиар, үнийн дүнгээр 162.9 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн байна. 1 баррель нефтийн дундаж үнэ 108.0 ам.доллараас 74.4 ам.доллар болж буурчээ.

📍  Төмрийн хүдрийн  экспорт 2680.9 мян.тоннд хүрч, 2022 оны дүнгээс 931.1 мян.тонноор өссөн байна. Экспортын дундаж үнэ 85.5 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 13.9 ам.доллараар буурчээ. Төмрийн хүдрийг 100.0 хувь БНХАУ-д экспортлосон байна.

📍  Нэхмэл материал болон нэхмэл эдлэлийн экспортын 99.6 хувийг мал амьтны үс, хялгас, хивс, сүлжмэл, оёмол эдлэлийн экспорт эзлэж байна. Самнасан ноолуурын экспорт 16.9 тонноор, ямааны угаасан ноолуурын экспорт 1652.9 тонноор тус тус буурсан байна. Өмнөх онтой харьцуулахад сүлжмэл эдлэлийн экспорт 0.9 сая ам.доллараар буурч, оёмол эдлэлийн экспорт 0.1 сая ам.доллараар  өсчээ.

📍  Үндсэн төмөрлөгийн экспортын 94.3 хувийг хар төмөрлөгийн хаягдал; тунгаасан зэс, хайлш; хөнгөн цагаан бусад эдлэл; боловсруулаагүй хар тугалганы экспорт эзлэж байна. 2022 оны мөн үетэй харьцуулахад хөнгөн цагаан бусад эдлэлийн экспорт 1.2 сая ам.доллараар, боловсруулаагүй хар тугалганы экспорт 0.7 сая ам.доллараар, тунгаасан зэс ба хайлшны экспорт 22.7 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *