Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/-ийг хэрэгжүүлэх тухай

Монгол Улс анхны бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болох “Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ)”-т 7 дахь гишүүн орноор нэгдэн орж, хэлэлцээрийг Улсын Их хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганаар соёрхон баталсан.

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, БНСУлс, Шри Ланка, Лаос, Бангладеш 1975 онд өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор “Бангкокийн хэлэлцээр”-ийг байгуулсан. БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн орсон хийгээд оролцогч талууд хэлэлцээрийн цар хүрээг 2005 онд өргөжүүлсэнтэй холбогдуулан “Бангкокийн хэлэлцээр”-ийг “Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ)” болгон ёсчилсон байна.

Хэлэлцээр нь хөгжиж буй гишүүн орнуудын хоорондын худалдааг өргөжүүлж тэдгээрийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих, худалдааг харилцан либералчлах, ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд оршиж, гишүүн орнуудын хоорондын худалдаан дахь тариф, тарифын бус болон худалдаатай холбогдол бүхий бусад саад тотгорыг арилгах зорилготой.

АНДХХ-ийн оролцогч талууд нийт 4 удаагийн гаалийн тарифын хэлэлцээ хийж нийт 10677 бараа бүтээгдээхүүний гаалийн тарифыг бууруулах, Монгол Улсын хувьд хэлэлцээрийн гишүүн орнуудаас импортлох нийт 366 барааны гаалийн тарифыг бууруулахаар тус тус харилцан тохиролцсон. Гаалийн тарифаас гадна гишүүд тарифын бус зохицуулалт, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн.

АНДХХ-ийн гишүүн орнуудманай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 70 орчим хувь, экспортын 90 орчим хувь, импортын 30 гаруй хувийг тус тус эзэлдэг. Хэлэлцээрт нэгдсэнээр 2.9 тэрбум гаруй хэрэглэгчтэй, эдийн засгийн хурдацтай өсөлттэй АНДХХ-ийн зургаан гишүүн улс руу нийтдээ 10667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэх юм.

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх тул Монгол Улсын гаалийн байгууллага тус хэлэлцээрийн барааны худалдааны хэлэлцээр, гарал үүслийн дүрмийн хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *