МОНГОЛ УЛС, БНХАУ-ын ХИЛИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОО БАРИГЧ ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улс, БНХАУ-ын хилийн гаалийн байгууллагын холбоо баригч дарга нарын уулзалт энэ сарын 20-ны өдөр БНХАУ-ын Хөх хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтаар 2021 оны уулзалтын протоколын хэрэгжилтийг дүгнэж, тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцон, БНХАУ-ын гаалийн байгууллагаас санал болгосон “Гурван ухаалаг” хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Хоёр орны гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн бүртгэлд зөрүү гаргахгүйн тулд тээврийн хэрэгслийг ижил өгөгдлүүдээр бүртгэх талаар Монголын талаас танилцуулсан саналыг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж, туршилтыг аль нэг боомтод эхлүүлэх, хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтрах ажиллах тухай боомт тус бүр мэдээллийн тогтолцооны санамж бичиг байгуулах, зоонозын халдварын тандалт судалгаа мэргэжлийн байгууллагатай хамтран хийх зэрэг асуудлуудыг тохиролцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.
Мөн хоёр тал харилцан тохиролцсоны дагуу Монгол Улсын гаалийн байгууллагын албан хаагч нарыг Ганцмод боомт дахь ухаалаг гарцын системийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, тээврийн хэрэгслийг цахим карт /RFID/-аар бүртгэх туршлагаас судлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Дашрамд сонирхуулахад, ГЕГ-аас БНХАУ-ын гаалийн байгууллагатай жил бүр хамтарсан шалгалт, хилийн гаалийн байгууллагын холбоо баригч дарга нарын уулзалтыг 2 талд ээлжлэн зохион байгуулж, өмнөх уулзалтын протоколын хэрэгжилтийг дүгнэж, тулгамдаж буй асуудлаар санал солилцдог билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *