Шамика сиримани: Хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхэд гаалийн байгууллага гол үүрэгтэй оролцоно 

✅️НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал БНСУ-ын Засгийн газар, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2022-2023 онд хийж гүйцэтгэсэн “Монгол Улсын Цахим Худалдааны Бэлэн Байдлын Үнэлгээ”-ний тайланг хүлээн авах арга хэмжээг ГХЯ-ны “Зөвшилцөл танхим”-д өнөөдөр (2023.06.08) амжилттай зохион байгууллаа. 

✅️Арга хэмжээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нээж “… Өчигдөр бид энэхүү тайланг хөгжлийн түншлэгч байгууллагуудыг оролцуулан танилцуулж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэмжлэг болох үр нөлөө бүхий баримт бичиг болсныг онцолсон. Тайланд бодлогын 7 үндсэн чиглэлийн хүрээнд 91 арга хэмжээг хүлээгдэж буй үр дүн, хариуцан ажиллах яам, агентлаг, бусад байгууллага, боломжит хөгжлийн түншлэгчийн хамтаар дараагийн үйл ажиллагааны матрицад тусгажээ. Энэхүү тайлан ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Ази, Номхон далайн Хил дамнасан цаасгүй худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болно” хэмээн онцоллоо.  

✅️НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Техник, Логистикийн газрын захирал Хатагтай Шамика Сиримани “НҮБ-ын ХХБХ 2017 оноос хойш 33 дахь тайлангаа хийсэн. Гадаад худалдааны урсгалыг цахимжуулж Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхэд Гаалийн байгууллага гол үүрэгтэй оролцох тул Гаалийн байгууллагын удирдлагатай уулзаж, хамтын ажиллагаагаа батжуулсан. Цаашид Монгол Улс Цахим худалдааны стратеги хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэдгээ илэрхийллээ.

✅️Гаалийн байгууллагын чиг үүргийн хүрээнд “Худалдааны логистик, худалдааг хөнгөвчлөх” бодлогын чиглэлтэй холбоотой 21, бусад 4 арга хэмжээний хэрэгжилтийг хариуцан ажиллахыг тайланд дурджээ. “Цахим худалдааны стратеги”-ийг боловсруулахад худалдааг хөнгөвчлөх, цаасгүй худалдаа, эрсдэлийн удирдлага, татвар үл тооцох хувь, бизнес процессын ре-инженеринг хийх, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хялбаршуулах, уялдуулах, биет бус бараа (программ хангамж, кино, дуу бичлэг, цахим ном гэх мэт) зэрэг чиглэлд Гаалийн байгууллага гол үүрэгтэй оролцон, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.  

✅️“Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг удахгүй Монгол хэлээр орчуулан цахим хэлбэрээр хамтран ажилладаг байгууллагуудад түгээн, “Цахим худалдааны стратеги” боловсруулах ажлыг ГХЯ хариуцан ажиллахаар боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *