Хар тамхи бол хар мөртэй цагаан тахал

Дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудын талаар мэдлэг олгох, тэдгээрийг шийдвэрлэхэд улс төрийн хүсэл зориг, нөөцийг дайчлан төвлөрүүлэх, хүн төрөлхтний ололт амжилтыг тэмдэглэн бататгах зорилгоор НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдрийг мансуурах эмгэг, хар тамхины хууль бус эргэлтийн эсрэг олон улсын өдөр болгон зарласан.

Энэ өдөр дэлхийн хүн төрөлхтөн залуу нас, мөрөөдөл, хүсэл тэмүүллээ хар тамхинд алдаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон мянга мянган эмгэнэлийг залуу хойч үедээ нэхэн сануулж, түүний хор хөнөөл, эрсдэлт үр дагаврыг ухуулан таниулах үйл ажиллагааг иргэн бүр өөрсдийн боломжийн хэрээр бусдадаа хүргэхийг уриалж байна.    

Хар тамхины үндэстэн дамнасан хууль бус худалдаа, эргэлтийг таслан зогсооход энэ тэмцлийн тэргүүн шугаманд ажиллаж буй гаальчдын хувь нэмэр нэн чухал болохыг Дэлхийн Гаалийн Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Күнио Микурия дурьдсан байдаг. 

Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлж, нийгмийг соён гэгээрүүлэх нь түүний хууль бус эргэлтийг таслан зогсоохоос дутахгүй чухал ач холбогдолтой тул гаальчид та бүхэн энэ өдрийг гэр бүл, найз нөхөд, ойр дотныхондоо хар тамхинд “нэг л удаа” гэх хандлага хэзээ ч гаргаж болохгүйг ахин нэг сануулахыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *