Авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар зохион байгуулж, 32 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцлоо

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Гаалийн байгууллага 5 зорилтын хүрээнд 16 арга хэмжээг төлөвлөн “Гаалийн байгууллагын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр (2023.10.25) Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар зохион байгуулж тус газраар үйлчлүүлэгч 32 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцлоо.

Тус уулзалт, хэлэлцүүлэг Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, Авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдав.

Гаалийн байгууллагын зүгээс нийт албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд авлигын эрсдэлийг бууруулах, нүүр тулсан харилцааг багасгах төрийн үйлчилгээг цахимжуулах, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжид үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэнд үзүүлдэг 14 үйлчилгээг www.gaali.mn системээр олгосон байна.

Мөн Засгийн газрын 11-11, Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаараас гадна Гаалийн байгууллага нь 1800-1281 тусгай дугаарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт гомдлыг хүлээн авч тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.